Хүүхдийн өөртөө итгэх итгэлийг ямар үгс унагаадаг вэ?
Эцэг эхчүүдийн хэлсэн ямар үг тэдэнд хамгийн ихээр эмзэг тусдаг вэ? Та хоёр хүүхдэдээ “Чи энэ ертөнцөд төрөөгүй байсан ч болоосой” гэж хэлэхгүй нь лавтай. Харин хосуудын бодоогүй хэлсэн зарим нэг үг тэдэнд болон ирээдүйд нь сөргөөр нөлөөлөх боломжтой. АНУ-ын иргэн, хоёр хүүхдийн ээж, хүүхдийн сэтгэл судлаач доктор Лаурен Гоулдстейний зөвлөсөн хүүхдэдээ хэлж болохгүй үгсийг та бүхэнд хүргэж байна.
Хүүхдийн өөртөө итгэх итгэлийг ямар үгс унагаадаг вэ?
Би завгүй байна!
Чухал санагдсан бүхнээ эцэг эхтэйгээ хуваалцахыг хүсэх нь хүүхдийн төрөлхийн зан. Харин энэ үед “Би завгүй байна” гэдэг үгээр халхлах үед хүүхдийн урам хугардаг. Эхэндээ урам хугарах төдий ч олон удаа энэ үгийг давтвал хүүхэд аяндаа ихэнх зүйлийг хэлэхгүй өнгөрөөдөг зуршилтай болно. Яах ч аргагүй завгүй үедээ “Ээж нь бага зэргийн ажилтай байна. Дуусгаад чамдаа зав гаргах болно” гэж хэлж болно. Харин дараа нь амлалтаа биелүүлэхээ мартуузай.
Яагаад ингэсэн юм бэ?
Хичнээн урам хугарсан ч хүүхдийг шийдвэрээ дахин бодоход тулгах хэрэггүй. Дараа дараагийн шийдвэр гаргах үедээ хүүхэд өөртөө итгэхээ больж эхэлнэ. Тухайн үйлдлийг хийх нь зөв санагдсан учраас л тэр ингэсэн. Тодорхой гэсэн үг. Харин үүний оронд хэн ч алдаа гаргадаг гэдгийг ойлгуулаарай.
Би чамд хэлсэн ш дээ!
Ээжийгээ ингэж хэлэх бүрт хүүхэд “Ээжийн үг хэзээд зөв, минийх үргэлж буруу байдаг” гэсэн ойлголттой болгодог. Энэ нь цаашдаа өөртөө итгэх итгэл, шийдвэр гаргах чадварт сөргөөр нөлөөлнө. “Би чамд хэлсэн ш дээ” гэхийн оронд “Хөөх, энэ удаад ээжийнх нь зөв байсан бололтой”, “Миний зөв байсан гэж үү”, “Ээжийнхээ насан дээр байсан бол миний хүү ч гэсэн адилхан шийдвэр гаргах байсан” гэх мэт үгийг хэлж болно.
Аав чинь ирэхээр ярина! / Аавд чинь хэлнэ
Хэдий хүүхдүүд уурыг чинь тэсэхийн аргагүй хүргэсэн ч энэ үгийг хэлж болохгүй. Үүнийг сонссон хүүхдүүдийн хувьд аав аймшигтай хүн, ээж ховч хүн л болж харагдана. Яагаад гэвэл би тэгж хэлж байна!
Хэн ч чамайг ээжийн эрх мэдэлгүй гэж хэлээгүй. Гэхдээ өөрийнхөө шийдвэрийг тэдэнд тайлбарлаж бай. Зүгээр л чамайг тэгж хэлсэн гэдэг шалтгаан хүүхдэд хангалтгүй.
Аавыгаа ингэтлээ дуурайх гэж. / Аавынхаа хамаг муу занг авчихсан
Ээж хүүхэдтэйгээ байнга байх нь давуу тал. Гэлээ гээд аавыг нь бүх муу муухай бүхний жишээ болгох нь зохисгүй. Хүүхэд зөвхөн ааваас төрөөгүй, хүүхдийг зөвхөн аав хүмүүжүүлээгүй. Тиймээс аав нь ч бай ээж нь ч бай нэгнийгээ хүүхдийнхээ өмнө муу муухайгаар нь дуудахгүй байх нь чухал.
Үг маш хүчтэй. Хоёрхон үг ч маш олон утга санааг агуулж, буруу бодлууд төрүүлж болно. Тийм болохоор хүүхэдтэйгээ харилцахдаа үгээ болгоомжтой хэрэглэж байгаарай.
No comments:
Post a Comment