2014-04-06

Илтгэл. Б.Оюунчимэг. СЭЗДС-ийн багш, доктор (Ph.D), профессор "Сэтгэлийн мөн чанар"

ОРШИЛ
Хүн төрөлхтөн танин мэдэхүйн олон аргатай мэт боловч үнэндээ шинжлэх ухааны, буддизмын гэсэн хоёр арга л голлох үүрэг гүйцэтгэдэг байна. Буддизм хүний сэтгэл, оюуныг мөн чанараар нь танин мэдэхийг зорилгоо болгосон бол шинжлэх ухаан шинж чанараар нь судалж мэдэхийг чармайдаг.

Сэтгэл, оюуны танин мэдэхүйн хувьд буддизм билгийн, сэтгэл судлалын шинжлэх ухаан аргын тал нь болдог аж. Өрнийн соёл, боловсрол эзэмшсэн монголчууд бид арга давамгайлж, билиг дутсан сэтгэлгээтэй тул билгийн сэтгэлгээгээр судалж, бичиж, дүгнэснийг аргын сэтгэл оюунаар задалж, орчин цагийн шинжлэх ухааны (сэтгэл судлал) үүднээс эдүүгээшүүлэн тайлбарлаж, ойлгож ухаарууштай. “Номгүй шинжлэх ухаан их егүүтгэн сүйтгэгч, шинжлэх ухаангүй номлол асар их мухар сүсэг” (9.21) гэсэн үгэндээ А.Эйнштейн чухам энэ талаар өгүүлсэн бол буддизм эл зарчмыг аль эртнээс баримталж иржээ.
Буддизмын үзэл санаа шинжлэх ухааны утга агуулгатай болохыг гаргаж тавих, олонд ойлгуулах хэрэгтэй байна. Буддизмыг гарал үүслээс нь авч үзвэл үнэндээ шашин биш байж. Энэ талаар XX зууны нэрт гүн ухаантан Альбер Камю “Буддизм бол шашин болоод хувирсан шашингүйн үзэл номлол юм” гэж, их эрдэмтэн А.Эйнштейн “Шинжлэх ухааны үндэслэлтэй шашин гэж байдаг бол тэр нь гагцхүү буддын шашин байхсан” (4.321) хэмээн өгүүлсэн нь бий.
Хүмүүс сэтгэл оюунаараа л нэгдэн нийлж, харилцаж, хамтран амьдарч, ажиллаж хөдөлмөрлөж байдаг тул сэтгэлийн шинж чанарыг танин мэдэхгүй байхын аргагүй юм. “Хүмүүст нийтлэг мөн чанар байдаггүй бол хүмүүсийн нэгдэл байх боломжгүй, хүнийг судалдаг сэтгэл судлал, хүн судлал зэрэг шинжлэх ухаан байх эрхгүй байсан” гэж Герман-Америкийн гүн ухаантан Э.Фромм энэ талаар хэлсэн байдаг. (27) “Сэтгэл нь “зидда “(tsitta) гэж дуудагдах “хурах” гэсэн утгатай санскрит гаралтай үг гэж Зава гавж Шагдарын Дамдин “Лориг” хэмээх зохиолдоо өгүүлсэн байдаг аж. (4.235) Сэтгэл нь сайн, муу шинжүүдийн хуран нийлсэн цогц тул түүнийг ийнхүү нэрлэжээ.
Хүмүүст байгаа бүхий л зүйлээс хамгийн үнэ цэнэтэй нь сэтгэл тул сэтгэл гэгч юу болохыг, ямар шинж чанартайг танин мэдэх нь сэтгэлээ боловсруулж хөгжүүлэх, зөв төлөвшихөд ихээхэн ач холбогдолтой. “Сэтгэлийг танин мэдсэнээр зовлонгийн бүх төрөл, тэдгээрийн шалтгааныг үгүй болгоно” гэж буддын сургаалд өгүүлсэн нь ч бий. (6) Сэтгэлийн мөн чанарыг сайтар судалж, танин мэдсэн хүн л сэтгэлээ зөв удирдан жолоодож чадна.
НЭГ. ШИНЖЛЭХ УХААНЫ БОЛОН БУДДЫН СЭТГЭЛ СУДЛАЛЫН
ЗАРИМ ОЙЛГОЛТ

1. Судлах зүйл, судалгааны арга
Сэтгэл судлалын шинжлэх ухаан сэтгэл, оюун хоёрыг тусгаар, бие даасан зүйлс гэж ойлгож, тэдний шүтэн барилдлагыг орхигдуулж, сэтгэл, оюун хоёрын алийг нь чухам нэрлэж байгаа нь тодорхой бус “сэтгэц” хэмээх нэр томъёогоор ерөнхийлөн илэрхийлж, сэтгэл, түүний мөн чанарт гэхээсээ оюун ухаанд ихээхэн анхаарал хандуулж, оюуны үйл, үйлдэл, үйл ажиллагаа (дээд мэдрэлийн үйл ажиллагаа, рефлекс, сэтгэхүйн үйлдлүүд)-г түлхүү судалж, сэтгэц бол тархины өвөрмөц шинж, ертөнцийн юмс үзэгдэл, бодит байдлыг тусгах онцгой чанар гэж томъёолдог бол буддизм сэтгэлд оюуныг багтааж, тэднийг харилцан холбоо хамааралд нь шүтэн барилдуулж, нэгдмэл цогцоор нь авч үзэж, “Сэтгэл нь оюунаар дамжуулж байгаль ертөнцийг хүнд ойртуулж, түүний хүртээл болгож, хүний бус зүйлсийг хүнийх болгодог хэрэгсэл” (2), “Сэтгэл нь бодол, сэтгэлийн хөдөлгөөн, танин мэдэх чадвар. Сэтгэл, оюун нь нэг цогцын нийлбэр бүтцээс нөгөө цогцын нийлбэр бүтцэд шилжин оршино” (16) гэж тодорхойлдог. Буддизм сэтгэлийн мөн чанарыг бүдүүн түвшинд нь төдийгүй дээд, маш нарийн түвшинд нь авч үздэг бол сэтгэл судлалын шинжлэх ухаан сэтгэцийн үзэлдлүүдийн үндсийг ил батлахыг л эрмэлздэг.
2. Сэтгэлийн үүсэл
Сэтгэл судлалын шинжлэх ухаан сэтгэлийг хувьслын (эволюцийн) үр дүнд үүссэн, сэрэл, мэдрэмж, танин мэдэхүйг уураг тархины үр дүн гэж үзэж, сэтгэлийг уураг тархины үйл ажиллагаа, мэдрэлийн тогтолцооноос ялгадаггүй бол буддизм “Сэтгэл нь хувьслаас биш, харин хувьсал нь сэтгэлээс үүсэлтэй, танин мэдэх эд эсүүд уураг тархинд байдаггүй тул уураг тархи танин мэдэх чавдаргүй гэж үздэг (15.6). “Хүн хувьслаас үүссэн гэдэг Дарвины онолыг зөвхөн хүний махан биеийн хувьд зөвшөөрч болох талтай ч сэтгэлийн үүслийн тухайд шинжлэх ухаан одоогоор ямар ч үзэл баримтлалгүй байна” (1) гэж судлаач З.Бат-Отгон бичсэн нь бий.
3. Сэтгэл ба матери, танин мэдэхүй, ухамсар
Танин мэдэхүй бол сэтгэлийн үйлдэл, Сонсох, амтлах, харах, үнэрлэх, хүрэлцэх, сэтгэн бодох нь танин мэдэхүйн хэлбэрүүд. Танин мэдэхүй нь матери биш учраас биеэс үүсэх боломжгүй. Одоогийн танин мэдэхүй нь өнгөрсөн цагийн танин мэдэхүйн үргэлжлэл тул сэтгэл нь бие үүсэхээс өмнө байсан гэсэн үг.
Сэтгэл материас ангид оршдог учир биет чанаргүй. Сэтгэл материйг бүтээх боломжгүй ч матери гадаад ертөнцөд хэрхэн зохион байгуулагдах нь сэтгэлээс шууд хамаардаг. (15.6)
Сэтгэлийг бүтээгч нь атом молекулууд биш, харин ухамсрын эрчим хүч юм гэж буддизм тодорхойлж, “Одоогийн мөчийн ухамсар нь өмнөх мөчөөс үүсэх бөгөөд хариуд нь ухамсрын ирээдүйн мөчийг үүсгэдэг. Тиймээс сэтгэлийн үргэлжлэл нь ухамсрын өмнөх мөч, мэдрэлийн тогтолцоо, эрхтнүүд, танин мэдэж байгаа эд зүйлээс хамаарсан танин мэдэхүйн урсгал. Ухамсарт зохицсон суурь бүрэлдсэн үе буюу эхийн хэвлийд өндгөн эс боловсрох үед сэтгэл биед орж байрлана” гэж тайлбарладаг. (5.17)
4. Сэтгэл, оюун ба бие
Хүн бие, сэтгэл, оюуны нэгдмэл цогц. “Хүний бие нь махбод, сэтгэл нь хийбод. Бие тодорхой орон зай, цаг хугацааг эзлэн орших материаллаг бүтэц. Биед зүрх үгүй бол сэтгэлийн тухай, уураг тархи үгүй бол оюуны тухай бодохын ч аргагүй. Бие махбодын материаллаг үйл ажиллагаатай уялдан хүний бусад бүтэц болох сэтгэл, оюун цогцолжээ. (2.16) Махбод болох бие нь бодисын нэгдэл, хийбод болох сэтгэл, оюун нь эрчим хүчний хуримтлал юм. Сэтгэл, оюун хязгааргүй настай“ гэж буддизм эртнээс номлож ирсэн бол шинжлэх ухаан бие махбод, сэтгэл, оюун хоорондоо холбоо шүтэлцээтэй гэдгийг одоо л хүлээн зөвшөөрч, “Хүн нь зөвхөн бие махбод, “Би” төдий амьтан биш, харин сэтгэл санаа, бие махбодынхоо эзэн нь” гэж үзэх болоод байна. (19.22)
Бие, сэтгэл хоёр тус тусдаа зүйл ч нэг нь нөгөөгийнхөө нөлөөлөлд оршдог. Бие нь сэтгэл төлөвших, боловсорч хөгжих материаллаг үндэс, орчин ахуй бол сэтгэл нь бие махбодыг тэтгэгч, оюун санааны эх сурвалж юм. Сэтгэлийн эрчим хүч бүх эд эсэд нэвтэрч, бие махбодыг тэнцвэржүүлэх үүрэг гүйцэтгэдэг. Өвчлөх үед сэтгэлийн эрчим хүчний урсгал суларч, улмаар тасарч, бие махбодын үйл ажиллагааг туйлдуулдаг. Буруу сэтгэлгээ, сөрөг мэдрэмж, сэтгэлийн хөдөлгөөн нь сэтгэлийн эрчим хүчийг сүйтгэж, дархлааг сулруулдаг. Жишээ нь айдас хүний гэрлэн бүрхүүлийг эвдэж, бие махбодын дархлааны бүх механизмыг бүслэн хааж, тааламжгүй нөхцөл байдлыг эсэргүүцэх чадварыг эрс бууруулж, улмаар сэтгэлийн эрчимийг бөхөөдөг. Сэтгэлийн эрчимтэй зөв харилцах гол арга бол ямар ч нөхцөлд тайван амгалан, хүлээцтэй, тэвчээртэй байх явдал юм.


5. Танин мэдэх үйл явцууд ба “Таван цогц”
Орчин үеийн сэтгэл судлалын шинжлэх ухаанд сэтгэцийн үзэгдэл болох танин мэдэхүйн үйл явцууд (сэрэл, хүртэхүй, сэтгэхүй, ой, дүрслэн бодохуй)-ын тухай ойлголт, буддын сэтгэл судлалд “Таван цогц” хэмээх ойлголт байдаг аж.”Таван цогц”-ын дараалал нь сэтгэл судлалын шинжлэх ухааны тодорхойлдог ухамсрын таван үе шат (хүрэлцэх, мэдрэх, ойлгох, сэрэх, бүрэн ухамсарлах)-тай дүйцхүйц аж. “Таван цогц” ойлголтыг авч үзэхэд баригдагч, баригч гэсэн нэр томъёонуудтай учирна. Баригдагч нь дүрс, дуу, үнэр, амт зэрэг гадны цочроогчид бол баригч нь тэдгээр цочроогчдыг хүлээн авагчид (рецепторууд ч гэдэг) болох мэдрэхүйн эрхтэн (нүд, чих, хамар, ам, арьс)-үүд юм. “Таван цогц “нь мэдрэхүйн эрхтэнд буугдах гадаад юмс үзэгдлийг тусган авах чадваруудын тухай хүний ухамсраар дамжин илэрдэг ертөнцийг таван талаас нь авч үзсэн ойлголт юм гэж буддизм тайлбарласан нь (4) орчин үеийн сэтгэл судлалын таван мэдрэхүйн тухай ойлголттой нийцэж байгаа юм.

ХОЁР. СЭТГЭЛИЙН ШИНЖҮҮД

1. Сэтгэл ертөнцийн анхдагч хөдөлгөгч хүч
“Дэлхий хумхын тоосонцрын бөөгнөрлөөс үүсэхээс өмнө өнөөгийн хүний өмнөх төрөл маш нарийн биетэн хэлбэрээр оршиж, дан ганц сэтгэлийн жаргал эдлэн амьдарч байсан ч жаргал эдлэх буян нь дууссанд үйлдсэн муу үйлийн эрхээр аажмаар доройтож, сэтгэлийн бус, харин биеийн жаргалд шунах төрлөөр солигдож, сэтгэл хийгээд биеийн таашаалыг мэдрэх нийлмэл цогцод шилжжээ. Дэлхийн бөмбөрцөг халуун хийгээс үүсэхдээ мөн л бидний урьд төрлийнхний хамтын үйлийн үрээс бүтсэн учир анхны эгэл биетний үүсэл ч хамтын үйлийн үртэй холбоотой. Тиймээс сэтгэл бол дэлхий ертөнцийн анхдагч хөдөлгөгч хүч юм” гэж буддизм үздэг (15.11) бол “Ертөнц асар халуун плазмын хэлбэрээр оршиж байгаад гэнэт тэсрэн дэлбэрсэн. Тэр их тэсрэлтээс үүсэж, цацагдсан эгэл бөөмс буюу хумхын тоосноос эхлээд мананцарууд, мананцаруудаас галактикууд, дараа нь галактикуудын доторх орнууд, орнуудын ойролцоох гаригууд, эцэст нь гаригууд дээр амьд организм үүссэн” (2.6) гэж шинжлэх ухаан тодорхойлдог байна.
“Сэтгэл, мэдрэл байгаа учир сэтгэхүйн ертөнц байна гэдгийг мэдэрч байгаа хэрэг. Сэтгэл нь бүх юмны анхдагч. Үйл, үзэгдэл бүгд сэтгэлээс үүдэлтэй. Сэтгэлийн нөлөөгөөр өдөөгдсөн үйл (үйлдэл, эс үйлдэл) нь үзэгдлийг үүсгэдэг”, “Сэтгэлийн үйлээс ертөнцийн элдэв үзэгдэл үүсдэг. Сэтгэлийн үйл бол ертөнцийн зүй тогтол, жолоодогч хүч” гэж ч буддын сэтгэл судлалын сургаалд номлож иржээ. (8.32,73)
2. Сэтгэл нууцлаг, онцгой увидастай, далд шинжтэй, агуу хүчтэй
Хүний сэтгэлийг цаг ямагт судалсаар ирсэн хэдий ч бүрэн гүйцэд танин мэдэж чадаагүй л байгаа билээ. Энэ нь түүний нууцлаг, далд шинжтэй нь холбоотой.
Гүн ухаантан, нэрт соён гэгээрүүлэгч Ч.Дэмчигдорж “Хүний дотоод сэтгэл гайхамшигтай агуу зүйл. Тун хүчтэй. Муу сэтгэлийн уур газар тэнгэрийн зовиуртай зохицож чадахгүй болсноор хямралд ордог. Үүний дүнд ган гачиг, зуд турхан тохиолдож, цагийн юм цагтаа биш болж, зөрчил тэмцэл хурцдаж байдаг” (14) хэмээн сэтгэлийн увидас, их хүч чадлыг тодорхойлсон бол агуу сэтгэгч, гүн ухаантан Иммануил Кант “Тэнгэр рүү харахдаа би ямар нэг ер бусын зүйл байдаг болохыг, сэтгэл рүүгээ өнгийхдөө ямар нэг нууцлаг зүйл оршиж буйг мэдэрдэг ч, баталж чаддаггүй” гэж сэтгэлийн тайлагдашгүй, далд чанарын талаар өгүүлсэн байдаг. (18.4) Нэрт сэтгэл судлаач Фройдын судалгааны гол объект нь ч хүний дотоод ертөнц, танин мэдээгүй байгаа нууц зүйлс, далд ухамсар байжээ. (28)
Сэтгэлийн эрчим асар их хүчтэй. Энэ хүчит эрчим төв рүү тэмүүлэх хуулийг зөрчиж, төвөөс зугтах шинжтэй болох үед л манай иргэншлийн түүхэнд дайн дажин, гай гамшиг болсоор ирж. Сэтгэлийн эрчим хүчийг төвд тэмүүлэх чиглэл рүү буюу хөгжил дэвшил рүү л залж, чиглүүлж байх ёстой аж. Хүмүүс олноороо цуглаж, сэтгэлийнхээ хүчийг төвлөрүүлэн нэгтгэж, ирж буй аюулыг зайлуулсан тохиолдол цөөнгүй байдаг.
3. Сэтгэл тунгалаг, ариун
Сэтгэл мөн чанараараа тунгалаг, ариун зүйл. Тунгалаг гэдгээр сэтгэлийн аливааг тусгадаг шинжийг, ариун гэдгээр сэтгэл мөн чанараараа цэвэр болохыг илэрхийлдэг байна. Байгалийн ус мөн чанараар ариун ч үргэлж тийм байж чадалгүй булингартдагтай адил хүний сэтгэл ч бохирдон хиртдэг. Чухам үүнээс болж хүмүүс зовдог. Сэтгэлээ цэвэрлэх нь хэцүү төвөгтэй, багагүй хугацаа шаардах үйл явц. Гэвч сэтгэл мөн чанараараа ариун тул түүнийг цэвэрлэж болно. Хорт муу сэтгэлүүд хөндлөнгийн, олдмол зүйл тул тэдгээрийг хөөн зайлуулж, үгүй хийх боломжтой. (7.17)
4. Сэтгэл бол бүхэл бүтэн ертөнц
Ертөнцийн амьдрал тэр чигээрээ сэтгэлийн чанартай. Сэтгэл бүхнийг тусгана. Хүн бүр сэтгэлийнхээ тусгалаар өөрийн дахин давтагдашгүй ертөнцийг бүтээж, тэр ертөнцдөө амьдардаг. Сэтгэлийн ямар ертөнцийг хэрхэн бүтээх нь тухайн хүнээс өөрөөс нь хамаарна. Хоёр хүнийг халуун усанд оруулахын өмнө нэгэнд нь “Чи буруу юм хийсэн тул чамайг халуун усанд 30 минут зогсоож шийтгэнэ” гэж хэлэхэд тэрбээр жинхэнэ шийтгэл гэж хүлээн авч, 10 минут ч өнгөрөөгүй байхад “Түлэгдэж үхэх нь, гаръя” гэж орилж хашгирна. Харин нөгөө хүнд нь “Халуун ус биед чинь сайн. Бусдаас 5000 төгрөг авч оруулдаг, таниас 2000 төгрөг л авъя, харин хагас цагт багтааж орно шүү” гэж хэлнэ. Хагас цагийн дараа уснаас гарахыг түүнд сануулахад “ Цаг болоогүй байна, саяхан орсон шүү дээ” гэж халуун уснаас гарахыг үл хүснэ. (16.61) Хоёр хүн ижилхэн усанд орж байгаа боловч өөр өөрөөр хандаж байна. Сэтгэлийн тухайн байдлаас хамаарч боломжуудын аль нэгийг нь л сэтгэл олж харж, уг боломжийг бодит байдал болгож, ямар нэг нэр өгдөг. (1.56)
5. Сэтгэл хөдөлгөөнд оршдог
Сэтгэл судлалын шинжлэх ухаанд сэтгэлийн хөдөлгөөний тухай онол сургаал цөөнгүй бөгөөд муу сэтгэлийн тухай буддын сургаалтай аргазүйн хувьд холбогддог. Буддизм муу сэтгэлийг эерэг, сөрөг гэсэн хоёр бүлэгт хуваан авч үзсэн нь угтаа сэтгэл судлалын шинжлэх ухааны сэтгэлийн эерэг, сөрөг хөдөлгөөний тухай ойлголттой дүйцэж байгаа юм.
Сэтгэлийн сөрөг хөдөлгөөн бие махбодод муугаар нөлөөлдөг. “Уурлаж хараадаг хүмүүс бие махбодынх нь ихэнх хувийг эзэлдэг усыг юуны түрүүнд ихээхэн хордуулж, өөртөө өвчин эмгэг авчирдаг” гэж Австрийн судлаач А. Груббер өгүүлсэн нь бий. (20.10) Хүний бие махбодын дөрөвний гурван хувийг эзэлж, оршин тогтнох үндэс болдог тул ус амьтай байх ёстой гэсэн буддизмын номлолыг орчин үеийн шинжлэх ухаан олон талаар нотлоод байна. Японы Иокогамийн Хүрээлэнгийн доктор Масару Эмото ус хүний бодол санаанд хариу өгөх чадвартайг анх нээж, арван мянган удаагийн туршилтын үр дүндээ тулгуурлан “Сайн мэдээллийг хүлээн авсан ус гоё ширхэг (фрактал) үүсгэн хөдөлдөг бол муу муухай мэдээлэл шингээсэн ус эмх замбараагүй хурц зэрэмдэг хэлбэр үүсгэж байгаа нь хүмүүс бие биедээ халамж тавьж, анхааралтай, эелдэг хандах нь хичнээн чухал болохыг харуулж байна” гэж дүгнэжээ. (20.10)
Оршин байхын төлөө тэмцэлд тусалдаг төв мэдрэлийн (симпатик), өөртөө эрхт (парасимпатик) гэсэн мэдрэлийн хоёр тогтолцоо хүн бий болсон цагаас байсаар ирж. Эл хоёр тогтолцоо байгаагүйсэн бол бид дотоод болон гадаад аюул заналд өртөөд амьдарч чадахгүй байх байсан аж. Өөртөө эрхт тогтолцооны ихэнх хариу үйлдэл нь төв мэддрэлийн тогтолцооноос огт хамааралгүй явагддаг тул хар аяндаа үүссэн сэтгэлийн хөдөлгөөнөө хянахад хүмүүст тийм ч амар хялбар байдаггүй. Уураг тархины хамгийн болхи хэсэг нь нугасны дээд талыг хүрээлэн байрладаг, бодисын солилцоо, амьсгал зэрэг хүний амьдралын гол үйл ажиллагаануудыг хянаж байдаг тархины багана юм. Тархины энэхүү баганы суурин дээр сэтгэлийн хөдөлгөөний төвүүд үүсэн бий болсон ба яваандаа, сая сая жилийн дараа сэтгэн боддог уураг тархи буюу “тархины шинэхэн гадарга” хөгжжээ. Энэ нь “Сэтгэл хөдлөлийн тархи” ухаанаас хавьгүй өмнө бий болсныг нотолж байна гэсэн шинжлэх ухааны ойлголт (21.13) сэтгэл анхдагч, оюун сэтгэлд хамааран харъяалагддаг гэдэг буддын сэтгэл судлалын ойлголттой нийцэж байна гэж хэлж болох юм.
Сэтгэлийн хөдөлгөөнөө хэт хянаж цагдах нь эцсийн дүндээ, байгалиас заяагдсан язгуур чанараа чөлөөтэй илэрхийлэх чадварыг алдагдуулж, ноцтой хямралд оруулж, бие махбод ба сэтгэл санаанд хохирол учруулдаг гэж сэтгэл судлалын шинжлэх ухаан дүгнэдэг бол элдэв муу хүсэлд автахгүй, уурлах, гомдох, айх зэрэг сэтгэлийн хөдөлгөөнөө туйлын хөдөлбөргүй захирч, эд баялаг, эрх тушаал, өнгө мөнгө, архи дарсанд шунахгүй явж чадвал хүн санасандаа хүрнэ. Сэтгэлийн сөрөг хөдөлгөөнүүд цул эрхтнүүдэд тухайлбал, уур элгэнд, хэт их хөөр зүрхэнд, айдас бөөрөнд муугаар нөлөөлдөг гэж буддизм тодорхойлсон байдаг. ( 24.24)
6. Сэтгэл хэзээ ч бүрэн гүйцэд ханадаггүй
Сэтгэлийн хэзээ ч бүрэн ханадаггүй шинж нь эгэл амьдралын зайлшгүй дутагдлуудын нэг аж. Сэтгэл ханахгүй байх нь зовлон юм. Амьдрах явцдаа хүн олныг хүсч, шунал тачаалын хүлээсэнд байдаг. Сэтгэл хангалуун бус байдал амьдралд ихээхэн уршигтай. Эгэл хүн хичнээн их эд хөрөнгөтэй болсон ч сэтгэл ханаж цадах нь үгүй, улам ихийг хүссээр байдаг. Энэ нь нэг талаас эд хөрөнгө жаргал авчирдаг гэж үздэгтэй холбоотой. Эд хөрөнгө үнэн хэрэгтээ жаргал биш харин зовлон авчирдаг болохыг хүн төдийлөн ойлгодоггүй. Их эд хөрөнгө дор хаяад бусдын атаа жөтөөг хөдөлгөж, хардлага сэрдлэг төрүүлдэг. Хүсэл шуналыг дагасан сэтгэл хэзээ ч ханахгүй. (23.25)
Эдийн хувьд өөрт байгаад сэтгэл хангалуун байж, илүүг хүсэж, шунахгүй байх чадварыг хүн сэтгэлийн хүчээр эзэмшинэ. Илүүд огт шунан дурлахгүй байх сэтгэлийн чадварыг өөртөө төлөвшүүлсэн хүн сэтгэл хангалуун байж чадна. Сэтгэл ханахуй нь хуурамч, тогтворгүй, найдваргүй аливаа юманд сэтгэлээ өгөхөөс татгалзах, өөрт байгаад ханаж, өөрийн боломжид нийцүүлэн хэрэгцээгээ хангах явдал юм. (16.118)
7. Сэтгэл жаргалыг хүсдэг
Амьдарч л байвал зовлон амсдаг хуультай атал хүмүүн бид ухаан орсон цагаас жаргалын хойноос цаг ямагт хөөцөлдсөөр нэгэн насыг элээдэг аж. Энэ нь ертөнцийн амьдралын мөн чанарыг танин мэдээгүйтэй холбоотой. Одоо жаргал гэж үзэх амттай сайхан хоол идэхийн таашаал нь өлсөх зовлонг түр арилгадаг. Үүнийг бид жаргал хэмээн нэрлэдэг. Идэх үед өлсөхийн зовлон хоригдовч, идэхийн зовлон эхэлдэг. Орчлонгийн жаргал гэгддэг бүхэн зовлонгийн шинжтэй, жаргалын нэр зүүсэн төдий. Тийм байтал бид жаргал гээчийн жинхэнэ мөн чанарыг ойлгоогүйн эрхээр түүнд шунан тэмүүлж байдаг. (16)
Жаргалыг биеийн болон сэтгэлийн гэж ялгадаг. Сэтгэлийн жаргал биеийн жаргалаас хавьгүй чухал. Хүн их мөнгө, хөрөнгөтэй баян байлаа ч шунал, уур уцаар, атаа жөтөө, мунхагт дийлдсэн байвал жаргал эдлэхгүй. Сэтгэлээ боловсруулан хөгжүүлж, өөртөө сэтгэлийн хүч тэнхээ, сайн сайхан чанар төлөвшүүлснээр хүн сая жаргалтай болно. Сэтгэлийн таашаалыг жинхэнэ жаргалтай хольж хутгаж болохгүй гэж буддизм үздэг. (13.68) Бидний жаргал гэж нэрлэдэг сэтгэлийн таашаал нь жинхэнэ жаргал биш. Сэтгэлийн таашаал нь ашиггүй юмны үр тээсэн зовлон төдий зүйл. Тогтворгүй сэтгэлийг таслан зогсоосноор олж авдаг, сэрэхүй, мэдрэхүйгээс ангид байдаг тэр жаргал л жинхэнэ жаргал. Энэ нь сэтгэлийн амар амгаланг олох явдал юм. (11.54)
8. Сэтгэл мөнх
Бодит ертөнцөд оршигч алив зүйл огт оргүйгээс цоо шинээр бий болдоггүй, бас ор тас устаж алга болдоггүй, харин нэг хэлбэрээс нөгөөд хувьсана гэж буддизм арга, билгийн үүднээс тайлбарлаж ирснийг физикийн шинжлэх ухааны термодинамикийн I, II, III хуульд эрчим хүч огт оргүйгээс бий болдоггүй, бас огт оргүй устдаггүй, харин нэг хэлбэрээс нөгөөд хувьсан шилждэг хэмээн баталжээ. (9.31)
Эрчим хүч хадгалагдах тухай эл хуулийг Их сэтгэгч Лувсандагва (Богд Зонхов) аль хэдийнээ 600 гаруй жилийн тэртээ сэтгэлийн эрчим хүчний тухайд томъёолчихсон байдаг. (3) Энэ талаар буддизм “Сэтгэл төрлөөс төрөл дамжин мөнх оршдог. Сэтгэлийн төрөл дамжих чадварын үндэс нь тун нарийн эрчим хүчнээс бүрдсэн маш нарийн сэтгэл. Маш нарийн сэтгэл тасралгүй, эхлэл хийгээд төгсгөлгүйгээр төрлөөс төрөлд дамжин явдаг. Ердийн жамаар үхэх үед сэтгэл задрах үйл явц аажим, дэс дараалалтай явагддаг бол гэнэтийн үхлийн үйл явц маш түргэн явагдаж, сэтгэлийг хянах аргагүй болгодог. Төрлөөс төрөлд дамжих сэтгэлийн чанарыг дордуулахгүй байхад жам ёсны үхэл тустай”. (7) Сэтгэл үргэлжлэн оршдог, түүнийг бүрмөсөн үгүй болгох хүч байхгүй. Хүн үхэхэд сэтгэл нь үргэлжлэн оршиж, дахин төрөл авна” гэж тайлбарладаг байна. (13.81)
ДҮГНЭЛТ
1. Сэтгэлийг гүнзгий танин мэдэх, далд нууцад нь нэвтрэн орохын тулд түүнийг ил, бодит шинжээр нь судлан мэддэг сэтгэл судлалын шинжлэх ухааны аргыг мөн чанараар нь танин мэдсэн буддын сэтгэл судлалынхтай уялдуулан холбох, харьцуулах замаар судлах, тайлбарлах шаардлагатай байгаа нь “Өрнийн гэж нэрлэгддэг орчин үеийн сэтгэл судлал, буддын сэтгэл судлалын аль алиных нь судлах зүйл нь хүн, түүний дотоод ертөнц байдаг тул ижил төстэй сургаал тэдэнд байдаг. Харин тэмдэглэсэн нэр томъёо, сэтгэлийн мөн чанарт нэвтрэн орсон түвшингээрээ ялгаатай” (22.236 ), “Сэтгэл оюуныг танин мэдэх талаараа сэтгэл судлалын шинжлэх ухааныг буддын сэтгэл судлалаас хол хоцорсон гэхэд болох. Шинжлэх ухааны сэтгэл судлал таниж мэдээгүйгээ “парапсихологи” гэсэн нэг сайхан саванд чихчихдэг зуршилтай” (4.231) гэсэн манай нэрт судлаачдын дүгнэлтүүдээс тун тодорхой харагдаж байна.
Сэтгэл судлалын шинжлэх ухаанд тодорхой биш байгаа сэтгэлийн мөн чанарыг тайлах түлхүүр буддизмд байгаа тул үүнийг хийх бүрэн боломжтой гэж үзэж болох юм. Буддын сэтгэл судлалын энэ боломжийн талаар Оросын нэгэн судлаач “Орчин үеийн шинжлэх ухааны хөгжлийн түвшинд хүний биеийг судлах боломж хангалттай байгаа бол сэтгэлийг судлах нарийн арга алга” (25) хэмээн өгүүлсэн байдаг.
Орчин үеийн шинжлэх ухааны түвшинд батлаагүй байгаа сэтгэлийн мөн чанарыг буддизмын хийсвэр сэтгэлгээний аргаар танин мэдэж болох. Зөвхөн шинжлэх ухаан л зөв зүйтэйг өгүүлдэг гэж үзэж болохгүйг олон баримт нотлон харуулаад байгаа. Шинжлэх ухаан өөрчлөгддөг. Дэлхийг хавтгай гэж үзэж байсан үе түүнд бий, харин дараа нь дэлхий бөөрөнхий гэж батлах болсон …
2. “Буддизм нь хүний мөн чанар, сэтгэл, боловсрол, хөгжил дэвшлийн тухай үзэл баримтлал тул шинжлэх ухааны хөгжилд хэзээ ч саад тотгор болж байгаагүй. Буддизм үнэн чанартаа бидэнд ойлгомжгүй, хачирхалтай зүйлсийг огт тулгахгүй, харин бидний мэддэгээс өөр аргаар авч үзэж, өөрөөр зохицуулж, ухааруулна. Чухам энэ утгаараа түүний гүн ухааныг нээж илрүүлсэн цагт Өрнийн сэтгэлгээг нөхөн гүйцээж, баяжуулах нь дамжиггүй” (27) гэсэн санааг тоохгүй орхиж болохгүй төдийгүй, харин ч нухацтай хандах хэрэгтэй юм.
3. Буддын ухаан, түүний дотор сэтгэл судлалынх нь эрдэм, мэдлэг олон уламжлалын зохистой давхцал резонанс (хоёр биетийн хэлбэлзлийн хэмнэл адил байвал эрчим хүчний долгионууд дайралдахдаа өсөн нэмэгдэх, улам их эрч хүчтэй болох үзэгдэл)-ын болон сөргөлдөгч олон талын пролиферац (нөхөн үржихүй) -ийн зарчмаар шинжлэх ухааны тодорхой мэдлэгийн эх сурвалж болж чадсан тул эдгээрт ач холбогдол өгч, сэтгэлийн мөн чанарыг танин мэдэх судалгаанд ашиглах нь зүйтэй болов уу.
4. Хүний бие, оюунтай нягт холбоотой оршин байж, мэдрэмж, бодол санаа, сэтгэлийн хөдөлгөөнийг цогц болгон илэрхийлдэг, энэ чанараараа хүнийг гадаад болон дотоод ертөнцтэй холбодог, удирдан жолооддог дотоод ухаарах чадвар болох сэтгэл нь хүнийг бүхэлд нь илэрхийлдэг зүйл тул сэтгэлийнхээ мөн чанарыг танин мэдэх нь хүний эрхэм үүрэг зорилго. Үүнийгээ эс хэрэгсэж, үл биелүүлвээс хүн болсны хэргийг гаргасангүй гэж үзэж болох.
5. Сэтгэлээ боловсруулан хөгжүүлэх физиологийн болон нийгмийн үндэс бидэнд байна. Уураг тархинд шинэ эд эсүүд бий болж, тэдгээр нь шинэ төрх байдал болон мэдрэлийн эсийн шинэ зохицлыг үүсгэхийн зэрэгцээ мэдрэлийн холбоос өөрчлөгдөж, уураг тархи шинэ үйлдлийн хариуд мэдрэлийн шилжилт хийж байдаг. Тархины үйл ажиллагаа уян хатан бөгөөд шинэ бодол санаа, дадлын дагуу зохицон хэлбэржиж ч байдаг. Энэ нь хүний сэтгэлээ боловсруулан хөгжүүлэх физиологи үндэс болдог.
Хүн дотооддоо өөрчлөлт хийх, сэтгэлээ засаж сайжруулах чухал хэрэгсэл, хүний сэтгэлээ хөгжүүлж дэвшүүлэх нийгмийн үндэс бий. Энэ нь мэдлэг, боловсрол юм. Хүн сэтгэлээ сайжруулах, илүү хэрэгтэй зүйлд өөрийгөө зориулахын ач тусыг ухааран ойлгоход мэдлэг, боловсрол зайлшгүй хэрэгтэй. Сэтгэлийн боловсролтой хүн сэтгэлээ сайн тал руу нь өөрчлөх нь боловсролгүй хүнээс хавьгүй амар хялбар, үр дүн нь ч илүү.
Сэтгэл оюуны эрчим хүч зөвхөн төв лүүгээ чиглэсэн, дотогшоо чигтэй байх жам (хууль) нь хүн сэтгэл оюундаа өдөр тутам дүгнэлт хийх, өөртөө гүнзгий нэвтрэн орох замаар эерэг сайнаар хувьсан өөрчлөгдөх, хүч чадлыг олох бас нэгэн үндэс, хүний дотоод боломж юм.
6. Өнөөгийн хүмүүс махан бие, материаллаг эд баялагт ихээхэн ач холбогдол өгч, гадаад өнгөн талд татагдаж, дотоод сэтгэлдээ бага анхаарч байна. Биеэ эвгүйцмэгц эм тан ууж, эмч домчид үзүүлж, эмнэлэгт хэвтдэг, бие бялдрынхаа өө сэвд санаа тавьж, засаж додомддог хэрнээ сэтгэлээ өвдөн шаналж, бохирдон хиртэж байгааг эс анзаарч байна. Уур уцаар, атаа жөтөө, шунал зэрэг нь бидний сэтгэлийн өвчин. Сэтгэлээ засаж сайжруулахгүй, боловсруулж хөгжүүлэхгүйн улмаас эдгээр болон бусад хорт өвчнөөр хүндээр өвчилдөг. Сэтгэлийн хорт өвчнийг эдгээхийн тулд сэтгэлийнхээ мөн чанарыг танин мэдэхийг хичээх хэрэгтэй байна.
7. Сэтгэлийн мөн чанарыг танин мэдсэний ач холбогдол цөөнгүй. Үүнд:
- Сэтгэл мөн чанараараа ариун ч бохирдож хиртдэгийг, бохирдсон сэтгэлийг засаж өөрчилж болохыг ойлгоно;
- Муу сэтгэлүүдтэй гэдгээ хүлээн зөвшөөрч, засаж залруулах арга барилд суралцах шаардлагатайг мэднэ;
- Өөрийн болон бусдын тусын тулд сэтгэлээ судалж, өөрийгөө хянаж сурах хэрэгтэйг ойлгож, цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлагатайг ухаарна;
- Жаргал, зовлонгийн шалтгаан нь гадаад ертөнц биш, сайхан муухай харагдах, сайн муу санагдах нь харагдаж, санагдаж байгаа хүнтэй холбоогүй, харин харж, санаж байгаа хүний сэтгэлтэй холбоотой болохыг ойлгоно;
- Хүн ямар сэтгэлтэй байх нь өөрөөс нь шалтгаална гэдгийг ойлгож, эдлэх жаргал зовлон, сайн муу сэтгэл гаднаас биш харин өөрийн дотоод сэтгэлийн үйлээс шалтгаалан үүсдэгийг ухаарна;
- Өнөөгийн нийгмийн нүүр царай болоод байгаа шунал, үзэн ядах сэтгэл, атаархал, аминч үзэл, бардам зангаас салах боломжтойг ойлгоно;




Хүн өөрийгөө танин мэдэх нь танин мэдэхүйн дээд оргил.

No comments:

Post a Comment