2014-04-23

Эцэг эхийн өдөөн хатгалт гэж юу вэ?... Хүүхэд яагаад худлаа ярьдаг вэ?

“Эцэг эхийн өдөөн хатгалт” гэхээр сонин сонсогдож байгаа байх. Өдөөн хатгалт гэдэг утга эцэг эхийн хайртай огт зохицохгүй мэт? Гэвч эцэг эх – хүүхдийн харьцаанд өдөөн хатгалт их хэмжээгээр байж байдаг юм. Мэдээж, эцэг эхүүд хүүхэддээ муу муухайг хүссэндээ өдөөн хатгалт хийдэггүй. Заримдаа ээж аавууд хүүхдээ хатуу хэрсүү болгож байна гэж бодон уйлтал нь ёжлох, эсвэл болгоомжгүйгээр өддөг билээ. Хүүхэд эцэг эхээ дүүгээсээ харамладагаас дүүгээ нууцаар шоглон “би яагаа ч үгүй” хэмээн худлаа ярьдаг. Гэтэл дүүгээ шоглох шалтгааныг нь эцэг эхчүүд бид өөрсдөө тавьдаг биш үү?
Дүүтэй болохоос нь өмнөх хэдэн сарын турш “Ээж нь чамд дүү гаргаж өгнө өө...” гэх зэргээр ярих. “Надад зориулсан дүү – миний дүү” гэж ойлгоод байж байтал шинэ хүн гэрт ирсний дараа юу болдог билээ? “Хэний хүн бэ, энэ чинь? Минийх биш л юм байна шүү дээ, намайг дандаа цаашаа гэх... тэр ч байтугай – бүх гэр бүлээрээ энэ нэг орилж хашгирсан амьтанд л үйлчлээд? Ээж аавын хамаг анхаарал – энэ “боодолтой юманд”, ээж – үргэлжийн мөнхийн - түүнтэй хамт, хамаатан садан найз нөхөд нь орж ирэнгүүтээ л түүн рүү гүйдэг... намайг бүр тоохоо ч больж... Одоо би дураараа гүйж харайж тоглож ч болохгүй, хашгирч ч болохгүй, түүнийг унтаж байхад нь бүгдээрээ л өлмий дээрээ явах ёстой...” Ийнхүү, өнөө яриад байсан юм нь бүгд худлаа байсан нь харагдах. Бас нэгэн “бэлтгэл ярианы” алдаа бол “Дүү нь төрөхөөр чи тоглож наадах найзтай болно, хоёулаа ингэж тоглоод л, тэгэж тоглоод л...” гэх сэдвийн хувилбарууд. Ингэж ярихдаа томчууд, энэ бүх үйл явдал дүү төрөнгүүт биш, нэлээдгүй хугацааны дараа болно гэдгийг хэлэхээ мартчихдаг. Бас заримдаа, хүүхдээ үгэнд орохгүй сахилгагүйтээд байхаар нь байж болшгүй зүйл хэлдэг. Жишээ нь: “Чи үгэнд ордоггүй муу хүүхэд. Дүү чинь төрөхөөрөө чам шиг байхгүй, ээжийнхээ үгэнд ордог, ээждээ хайртай хүүхэд байх болно...” Төрөөгүй байхад нь аль хэдийн хүүхдүүдээ хооронд нь жишээд эхлэх. Ийм үг сонсож байгаа хүүхэд ямар дүгнэлт хийх вэ? Нэгдүгээрт, ээж намайг муу хүүхэд гэж тооцож байгаа юм байна; хоёрдугаарт, надад хайргүй юм байна; гуравдугаарт, би ээждээ хайргүй болж таарч байна; дөрөвдүгээрт, гэдсэндээ байгаа хүүхдэд надаас илүү хайртай юм байна... гэх мэт. Хүүхдийн хувьд хамгийн хэцүү нь - тэрээр байдлыг яаж ч өөрчилж чадахгүй: өрсөлдөгч нь гарч ирээ ч үгүй, ээжтэй нь хамт байж байгаа. Тэр төрөөгүй байгаа дүүгийн зан төлөв нь – ээжийн л төсөөлөл – хүсэл. Ээж яаж мэдэж байгаа юм, төрөөгүй байгаа хүүхдийг? Төрөөгүй хүүхдийг аль хэдийн төрөөд өсч байгаа хүүхдээсээ илүү мэдээд байдаг нь сонин л байна... Тэгэхээр, ээж худлаа хэлэн хэлэн намайг гомдоож байна. Дүүтэй болмооргүй байна...” Ингээд том хүүхдийнхээ сэтгэлд юм хийчихаж байгаа юм, өөрөөр хэлбэл дүүдээ дургүй байх “программыг” ухамсарт нь суулгачихаж байна гэсэн үг. “Программ” ажиллаад эхэлбэл дүүдээ дургүй, заримдаа бүр дүүгээ үзэн яддаг, энэ байдлаа нуухын тулд алхам тутамдаа худал ярихаас өөр аргагүй байдалд хүрнэ. Сургуулийн өмнөх насны айлын ганц хүүхдүүдийн худал яриа ч ихэнхи тохиолдолд эцэг эхийн өдөөлтөөс болсон байдаг. Албаар худлаа ярих тухай ярьж байна, ярьж байгаа зүйлдээ итгэж байгаагаас буруу ярих бол өөр хэрэг. За ингээд эцэг эх бид хүүхдээ худалч болох зам руу нь хэрхэн түлхдэгийг жишээн дээр авч үзье: Эмээ нь аавыг нь амралтын өдөр зуслан дээр ирж байшингийн дээвэр янзалж өгөөрэй, бороо орохоор дусаал гоожоод байна гэхэд аав нь “завгүй, ажил ихтэй, амралтын өдөр ч ажиллана” гэж хариулахыг нь бяцхан хүү сонсчээ. Амралтын өдрийн өглөө жаалхүү ээжийнхээ өвөрт эрхлэхээр гүйж очтол аав нь хаашаа ч яваагүй унтаж байх. Хүү маш их гайхна. Өдөр боллоо – аав нь хаашаа ч яардаггүй ээ. Аавыгаа гэртээ байгаад хүү баяртай байх авч эмээдээ бас санаа нь зовно: гадаа бороо ороод байдаг, эмээ маань хэцүүдэж байгаа байх даа? Хүү эмээдээ ч хайртай, аавдаа ч хайртай болохоор яахаа мэдэхгүй хий дэмий л зовно. Харин дараа нь ямар нэгэн зүйлийг хиймээргүй байвал аавыгаа дуурайн худлаа хэлнэ. Түүнийг буруутган загнах аргагүй: аавтайгаа л адил байсных нь төлөө загнаад шийтгээд байдаг нь ямар учир байна аа гэдгийг ойлгохгүй - нялх амьтан шүү дээ? Жижиг зүйл дээр хэтэрсэн шийтгэл оногдуулах нь хүүхэд худал ярих бас нэгэн шалтгаан болдог. Жишээ нь, гүйж тоглож яваад цэцгийн ваарыг унагаад хагалчихлаа. Урьд нь бас нэг иймэрхүү юм болоход юу болсныг тэр сайн санаж байна: аав нь түүнийг алгадаад авсан, тэгээд буланд зогсоосон, ээж нь өмөөрөөд аав ээж хоёр нь хэрэлдээд, ээж нь уйлаад бөөн юм болсон... Дахин ийм зүйл болох байх гэж айх нь хөөрхий нялх амьтны хувьд зүй хэрэг. Тиймээс хүүхдийн гэнэн сэтгэлээрээ, “би унагаагүй, мэдэхгүй” гээд зүтгээд байвал ваар өөрөө унаад хагарчихаж гэж бүгд бодно хэмээн сэтгэнэ. Яахав, ээж мэдээжийн хэрэг уурлах л байлгүй, гэхдээ намайг яах ч үгүй – ваар өөрөө уначихсан юм чинь? Заримдаа эцэг эхүүд хүүхдээ тэвчээртэй болгож хүмүүжүүлэхийн тулд албаар сорилт тавьдаг. Жишээ нь, дуртай чихрийг нь ширээн дээр нүдэн дээр нь тавина. Хоолны дараа л чихэр идэж болно гэдгийг хүү мэднэ. Хүүхэд ширээн дээрх чихрийн хажуугаар өнгөрөх тоолондоо нүдээрээ иднэ, харин нэг л мэдэхэд чихэр гарт нь баригдчихсан, өөрөө цааснаасаа сугараад аманд нь орчихсон байна. Аав нь өрөөнд ороод ирэхэд чихрийн саванд хоосон цааснууд л байж байх. Хэн үүнийг идчихэв гэсэн асуултанд, хэрэв энэ сорил анхны удаа явагдаагүй бол, “туршлага суусан” хүүхэд шийтгүүлэхээсээ айсандаа өөрөөсөө зайлуулан худал ярина. Харин хэрэв эцэг эх нь хүүхдээ нэг их өдөн хатгаад сорилт тавиад байдаггүй, чихэр санамсаргүй ил байж байсан бол хүүхэд “би идсэн” гэж үнэнээ хэлэх магадлал өндөр. Ер нь сургуулийн өмнөх насны хүүхэд ер бусаар сэтгэдэг. Ертөнц түүний хүссэнээр “хөдөлдөг” мэт санагддагаас худлаа ярих нь элбэг. Энэ бол 4 – 6 настай хүүхдийн сэтгэхүйн онцлог. Хэрэв энэ онцлогийг нь ойлгохгүй “чи дандаа худлаа ярьдаг, чи - худалч” гэж цоллоод байх юм бол хүүхэд өөрийнхөө дутагдалтай тэмцэхийг ч оролдохгүй, “би худалч” гэж үзэн шаардлагагүй үед ч худлаа ярьсаар байх болно. “Бүх хүүхэд худлаа ярьдаг” гэж үзэн хүүхэддээ итгэхгүй байнга шалгаад байвал бас л буруу. Жишээ нь, өсвөр насны хүүгээ найзуудтайгаа зугаалж яваад ирэх тоолонд нь, сайн анхаарч шалгаж байхгүй бол эрэгтэй хүүхэд хэзээ нэгэн цагт заавал архи тамхи руу ордог гэх итгэлээсээ болоод хувцас хунар, ам хамрыг нь үнэрлээд, “Чи тамхи татсан юм уу? Тэгээд юу үнэртээд байгаа юм? Үнэртээд л байх шиг байна даа...” гэх мэтээр сүр бадруулан шалгадаг бол хүүхдээ буруу зам руу түлхэж байна гэсэн үг. “Ээж хаашдаа л намайг тамхи татдаг гэж боддог юм чинь...” гээд тамхи татаж үзнэ. Тэгээд тамхи татдаг болсноо тас үгүйсгэнэ, тоглоомын дүрмийг өөрчилж болохгүй шүү дээ? Ээж үнэрлэнэ, хардана сэрдэнэ, үглэнэ, хүү үгүйсгэнэ, ээж сэжиглэнгүй харах авч дуугүй болно. Бүх зүйл дүрмийн дагуу яваг! Мэдээж эцэг эхийн энэ өдөөлт хүүхдийг муу зуршил руу түлхэх цорын ганц шалтгаан биш л дээ, гэхдээ үүний нөлөөг дутуу үнэлж бас болохгүй. Ийнхүү, хүүхэд хэр үнэнч шударга хүн болж өсөх нь эцэг эхийнх нь бодлогогүй байдлаас ихээхэн шалтгаалдаг. Хүүхэд яагаад худлаа ярьдаг вэ? Яагаад гэвэл, ихэнхидээ эцэг эх нь өдөөн хатгадаг!

No comments:

Post a Comment